images

Ираныг довтолсон B-2 бөмбөгдөгч онгоц ямар онцлогтой вэ?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-06-25


   Ираны цөмийн гол байгууламжийг бөмбөгдсөн “B-2 Spirit" бөмбөгдөгч онгоц АНУ-ын Миссури муж дахь агаарын цэргийн баазаас 6 дугаар сарын 21-ний өдрийн 00:01 цагт хөөрч, Ираны цагаар 22-ны өдрийн 2:10 цагт довтолгоо хийгээд 37 цагийн дараа цэргийн бааздаа буцаж ирсэн байна. В-2 нь ойролцоогоор 11.000 км нисч чаддаг, нислэгийн явцад агаарт цэнэглэх боломжтой бөгөөд энэ удаагийн ажиллагааны үеэр таван онгоц бүгд зургаагаас долоон удаа агаарт түлш цэнэглэсэн байна. Нөгөө талаар энэ удаагийнх хамгийн урт нислэг байжээ. Өмнө нь 2001 оны 10 дугаар сард буюу 9 дүгээр сарын 11-ний террорист халдлагын дараа Афганистанд 44 цагийн нислэг хийж байсан бөгөөд ингэхдээ Энэтхэгийн далай дахь Диего Гарсиагийн агаарын баазад зогсоод түлшээ цэнэглэж байжээ. В-2-ийг анх 1997 онд агаарын цэргийн баазад байрлуулсан бөгөөд дараа нь Серби (Косовогийн дайн), Ливи, Афганистан, Иракийг бөмбөгдөхөд ашигласан ажээ. Нөгөө талаар, энэ удаа нэг онгоцонд хоёр ширхэгээр тоноглогдсон 13.6 тонн жинтэй GBU-57 тэсрэх бөмбөгийг бодит тулаанд ашигласан анхны тохиолдол байв. АНУ-ын Дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс “Fox News” агентлагт өгсөн ярилцлагадаа, "Онгоц нэг ч удаа газардахгүйгээр байгаа амжилттай устгаж чадсан нь иранчуудад том сургамж болсон" гэжээ.

   Өмнө нь АНУ-ын Агаарын цэргийн хүчин алсын зайн бөмбөгдөлт явуулахдаа 1991 онд Персийн булангийн дайны үеэр Саудын Арабын цөлийн баазаас, Вьетнамын дайны үеэр Гуамаас, Дэлхийн II дайны үеэр Номхон далайн өмнөд хэсэг, Англи, Италиас бөмбөгдөгч онгоцуудаа хөөргөсөн байна. Агаарын цэргийн баазын эмнэлгийн ажилтнууд болон физиологичид В-2 онгоцны нисгэгчдийг ядрахаас сэргийлэх, унтах цагийн хуваарийг тохируулах, хоолны дэглэмийг өөрчлөх зэргээр алсын зайн нислэгт бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлдэг аж.

   В-2-ийн бүхээг нь бүтцийн хувьд микроавтобусны урд талын суудалтай адил бөгөөд хоёр өндөр суудалтай, ар талдаа бие засах газар, унтлагын ортой, хоёр нисгэгч ээлжээр дор хаяж гурван цаг унтдаг аж. 2001 оны 10 дугаар сард 44 цаг буюу хамгийн урт нислэг үйлдсэн нисгэгч Брайан Нил “Business Insider” сэтгүүлд ярилцлага өгөхдөө "Баруун тийш Афганистаныг чиглэн явахад нар мандаж байсан. Нас залуу, бас сэтгэл их догдолж байсан болохоор ердөө тавхан цаг унтсан" гэжээ. Нисгэгчдийн гол хоол нь сэндвич, хот-дог бөгөөд урт нислэгийн үеэр түргэн хооллох нь нэгэн төрлийн байлдааны дэглэм юм. Нисгэгчид F-16, F-22 зэрэг сөнөөгч онгоцуудыг жолоодож байсан үетэй харьцуулж, "Спорт машин барьж байгаад том ачааны машин жолоодох мэт санагдсан” гэжээ.

   1999 онд Косовогийн дайны үеэр Сербийн Белградыг бөмбөгдсөн нисгэгчид тухайн үед хэвлэлд ярилцлага өгөхдөө “Белградыг бөмбөгдсөний маргааш дээд лигийн бейсболын тэмцээн үзэх нь сонин санагдаж байсан” гэжээ. Өөр нэг нисгэгч 30 гаруй цагийн нислэгээ дуусгаад гэртээ ирэхэд эхнэр нь түүнийг үнсээд "Би хүүхдүүдээ авчирна. Чи харин хашааны зүлэг хадаарай" гэж хэлснийг санаж байна гэжээ. Мөн өөр нэг нисгэгчийн эхнэр "Нөхрөө хаашаа явсныг бодохоор санаа их зовдог. Тийм үед "Чамайгаа далавчин доороо нууна. Далавч минь чамайг юунаас ч хамгаална” гэсэн шүлэг уншиж тайтгардаг” гэсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.