images

Казахстан улсад суух НҮБ-ын Суурин зохицуулагчаар монгол хүн томилогдлоо

Ж.Ариунгэрэл

Дэлхий дүүрэн монголчууд

2025-06-27


   НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш Монгол улсын иргэн Раднаарагчаагийн Сарангоог Казахстан улсад суух НҮБ-ын Суурин зохицуулагчаар томиллоо. Австралийн Флиндерсийн их сургуульд байгаль орчны менежментийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан Р.Сарангоо нь Европ, Төв Азийн бүс нутагт хүрээлэн буй орчны бодлого, тогтвортой хөгжил, олон улсын хамтын ажиллагааны чиглэлээр олон жил ажилласан арвин туршлагатай мэргэжилтэн юм. Тэрбээр Монгол улсын Байгаль орчны яамнаас гадна НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Байгаль орчны хөтөлбөр болон Байгаль хамгаалах олон улсын холбоо, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг хийгээд зөвлөх үйлчилгээний бусад байгууллагад 25 жил ажиллажээ. Казахстанд томилогдохынхоо өмнө тэрбээр Европ, Төв Азийн бүсэд үйл ажиллагаа явуулдаг НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн комиссын байгаль орчин хариуцсан бүс нутгийн зөвлөхөөр ажиллаж байв. Р.Сарангоо ийнхүү НҮБ-ын Суурин зохицуулагчаар томилогдсон Монгол улсын анхны иргэн болж байна.  

   НҮБ-ын анхны Суурин зохицуулагч Казахстан улс тусгаар тогтносны дараахан буюу 1992 онд тус улсад томилогдон очсон бөгөөд өнгөрсөн хугацаанд нийт зургаан хүн энэ албан тушаалыг хашсан түүхтэй. Р.Сарангоогийн өмнө Канадын иргэн Стивен О'Малли Суурин зохицуулагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байв. НҮБ-ын Суурин зохицуулагч нь НҮБ-ын хөгжлийн тогтолцооны тэргүүлэх төлөөлөгч бөгөөд тухайн улс дахь НҮБ-ын төрөлжсөн агентлагуудыг нэгдсэн удирдлагаар хангаж, Засгийн газартай шууд харилцах эрхтэй дипломат төлөөлөгч юм. Өнөөдрийн байдлаар дэлхийн 130 гаруй улс оронд НҮБ-ын суурин зохицуулагч ажиллаж байна.

Гэрэл зургийн эх сурвалж: НҮБ-ын Хэвлэлийн алба. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.