Итали: Монгол сэтгүүлчийн бүтээсэн кино олон улсын наадмын шагнал хүртлээ
Чихэнд чимэгтэй
2025-06-27
АНУ-ын “Thomson Reuters” агентлагийн сэтгүүлч Д.Дэлгэрзаяа “Хүслийн хязгаар” буюу "Herders at the Edge" баримтат бүтээлээрээ Италийн Виллановафорру хотод энэ сарын 17-21-ний өдрүүдэд болсон "Life After Oil" олон улсын кино наадмын “Богино хэмжээний байгаль орчны шилдэг кино” төрөлд түрүүллээ. Монголын малчдын амьдралд дэлхийн уур амьсгалын өөрчлөлт хэрхэн нөлөөлж байгааг харуулсан уг киног наадмын шүүгчид "Дэлхий дахинд сэрэмжлүүлэг болох бүтээл" хэмээн үнэлжээ. Сэтгүүлч Д.Дэлгэрзаяа нь 2024 онд "Пулитцер" төвийн тэтгэлэгт хөтөлбөрт Монголоос анх удаа шалгаран уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр бүтээл туурвих 12 сэтгүүлчийн нэг болсон юм. Улмаар өнөөгийн малчин өрхийн амьдралын түүхийг харуулах замаар уур амьсгалын өөрчлөлт Монголд яаж нөлөөлж байгааг дэлхий дахинд хүргэхийг зорин "Хүслийн хязгаар" киноны найруулагч, продюссерээр ажиллажээ. Түүний бүтээл Монголд өнгөрөгч намар "Тэнгэр" телевизээр гарсан бол АНУ-д Йелийн их сургууль, "Google" корпорац, "Пулитцер" төвд гарсан байна. Тэрбээр Вашингтоны их сургуулийг байгаль орчин судлал, эдийн засгийн хос мэргэжлээр төгссөн бөгөөд энэ онд Йелийн их сургуульд байгаль орчны менежментийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан юм. Өөрөөр хэлбэл, байгаль орчны мэргэжлээ сэтгүүл зүйтэй хослуулан бүтээл туурвиж сэтгүүлч болжээ. Тэрбээр одоо "Thomson Reuters" агентлагийн уур амьсгалын өөрчлөлтийн сэтгүүлч бөгөөд Вашингтонд data journalism буюу эрэн сурвалжлах өгөгдлийн сэтгүүл зүйн төрлөөр ажиллаж байна.
"Хүслийн хязгаар" баримтат киноны зураг.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.