НҮБ цаашид оршин тогтнох уу?
Анд нөхдийн мэдээ
2025-06-30
Дэлхийн II дайнаас хойш олон улсын дэг журмыг тогтооход чухал үүрэг гүйцэтгэж ирсэн, энэ жил 80 жилийн ой нь тохиож буй НҮБ урьд өмнө байгаагүй хямралтай тулж байна. Дэлхий даяар дайн тулаан өрнөсөөр байгаа ч НҮБ-ын улс төрийн нөлөө аажмаар буурч, АНУ тэргүүтэй томоохон орнуудын дэмжлэг багассанаар санхүүгийн хувьд ч амаргүй үеийг туулж байна. Өнгөрсөн 26-ны өдөр НҮБ-ын дүрэм батлагдсаны 80 жилийн ойн арга хэмжээ Нью-Йорк хот дахь төв байранд болж өнгөрлөө. Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш НҮБ-ын дүрэм батлагдсаны 80 жилийн ойд зориулан хэлсэн үгэндээ “НҮБ-ын дүрэмд тусгагдаагүй, урьд өмнө нь хэзээ ч байгаагүй халдлагын гэрч болж байна” хэмээн хямралт цаг үеийг онцолжээ. Дайн, уур амьсгалын хямрал зэрэг дэлхий дахины асуудлыг шийдвэрлэхэд НҮБ-ын нөлөө улам буурсаар байгааг мөн онцолсон байна. Түүгээр үл барам энэ онд Дональд Трампын засаг захиргаа НҮБ болон түүний харьяа байгууллагуудын төсвийг эрс танасан нь урьд өмнө байгаагүй санхүүгийн хямрал үүсгээд байгаа ажээ. АНУ, Хятад, Орос зэрэг томоохон гүрнүүдийн олон улсын дэг журмыг манлайлах оролдлого улам бүр нэмэгдэж, НҮБ-ын Аюулгүйн зөвлөл олон жил үргэлжилж буй Украин болон Газын зурвас дахь дайны талаар ямар ч алхам хийж чадахгүй байна. Хамгийн сүүлд өрнөөд буй Израиль, Иран, АНУ-ын хооронд болсон зэвсэгт мөргөлдөөнд НҮБ шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж чадаагүй бөгөөд нөхцөл байдал хэрхэн өрнөхийг хөндлөнгөөс ажиглах төдий байна. Д.Трампын засаг захиргаа санхүүжилтээ их хэмжээгээр танасан тул НҮБ төв байр болон бусад 60 гаруй оффис, агентлаг, аж ахуйн нэгжүүдийг цомхотголд оруулахад хүрээд байгаа аж.
Үүний зэрэгцээ саяхан тус байгууллагад томоохон өөрчлөлт хийх төлөвлөгөөгөө зарласан Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш НҮБ-ын хямралыг даван туулах оролдлого хийж, тухайлбал XXI зуунд олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгарч буй томоохон асуудлуудыг хамтран шийдвэрлэхийн тулд өнгөрсөн жил “Ирээдүйд чиглэсэн хэлэлцээр”-ийг эхлүүлжээ. Гэсэн хэдий ч зарим шинжээчид НҮБ-ын үүрэг, цар хүрээ цаашид буурах нь гарцаагүй гэж үзэж байна. Цаашлаад 2027 онд А.Гутеррешийн дараагийн ерөнхий нарийн бичгийн дарга эцсийн дүндээ НҮБ-ыг цомхотгохоос өөр аргагүй болно гэдгийг AP агентлаг онцолжээ. 1945 оны зургаадугаар сарын 26-ны өдөр 51 улс хамтран үүсгэн байгуулсан НҮБ-д одоогоор дэлхийн 193 гишүүн орон байдаг юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.